快捷搜索:

Хятад улс ухаалаг, эко автомашины үйлдвэрлэлийг дэмжинэ

 Хятад улс эрчим хүчний шинэ эх үүсвэрээр ажилладаг цахилгаан тээврийн хэрэгсэл болон ухаалаг автомашины хэрэглээг өсгөх тал дээр онцгойлон анхаарч эхэллээ. Энэ хүрээнд ухаалаг, эко автомашины үйлдвэрлэлийг дэмжиж, борлуулалтыг нь сайжруулах төсөл боловсруулсан байна.
БНХАУ-ын Аж үйлдвэрийн яамны төлөвлөлтийн төсөлд тусгаснаар 2025 он гэхэд эрчим хүчний шинэ эх үүсвэрээр ажилладаг цахилгаан автомашины борлуулалтыг нийт автомашины борлуулалтын 25 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Мөн энэ төрлийн цахилгаан автомашины борлуулалтыг дэмжихийн тулд 2021 оноос агаарын бохирдол ихтэй бүс нутгуудад эрчим хүчний шинэ эх үүсвэрээр ажилладаг автомашин ашиглах шаардлага тавьж эхлэх ажээ.
Судалгаанаас үзэхэд, цахилгаан автомашины борлуулалт удаашралтай байгаа ч, өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлт ажиглагдаж байна.  Энэ оны эхний 10 сарын байдлаар Хятадын зах зээлд борлуулсан нийт автомашины 5 хувийг энэ төрлийн эко автомашин эзэлж байгаа аж.
Эко автомашины борлуулалтыг 2025 он гэхэд 25 хувьд хүргэхээр зорьж байгаа бол ухаалаг автомашины худалдаа эргэлтийг 30 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна. Ухаалаг автомашины хэрэглээг дэмжихийн тулд лизингийн үйлчилгээг нэвтрүүлж болох талаар Хятадын Аж үйлдвэрийн яамны төсөлд тусгажээ.
Өнгөрсөн онд автомашины худалдаа эргэлт буурсан учраас автомашин үйлдвэрлэгчдийг энэ таагүй байдлаас гаргаж, ухаалаг бөгөөд ногоон хөгжлийг дэмжихийн тулд салбарын яамнаас энэхүү төслийг боловсруулсан гэж албаныхан онцоллоо.

您可能还会对下面的文章感兴趣: